
Төсөл, хөтөлбөрийн салбар
Сүүлийн жилүүдэд төсөл, хөтөлбөрийн салбар нь санхүүжүүлэгч байгууллагуудын өсөн нэмэгдэж буй шаардлага, тогтвортой хөгжил болон БОНЗ (ESG) чиг хандлага, ил тод байдал, хариуцлагын өндөр хүлээлт, мөн хууль, зохицуулалтын орчны өөрчлөлтөөс шалтгаалан улам бүр нарийн төвөгтэй болж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд санхүүжүүлэгчийн бодлого, журам болон дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг нэгэн зэрэг хангахын зэрэгцээ төслийн нөөцийг үр ашигтай зарцуулах, эрсдэлийг удирдах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах, төлөвлөсөн үр дүнд хугацаанд нь хүрэх шаардлагатай тулгарч байна.
Мөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, үйл ажиллагааны үр дүн, худалдан авалт болон нөөцийн зарцуулалтын ил тод байдалд тавигдах шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд дотоод хяналт, засаглал, тайлагналын тогтолцоог бэхжүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн БОНЗ (ESG) болон тогтвортой хөгжлийн асуудал бизнесийн орчинд чухалаар тавигдаж буйтай холбоотойгоор тогтвортой санхүүжилт татах, нийгэм болон байгаль орчинд эерэг нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжууд улам нэмэгдэж байна.
Мүүрь Монгол нь Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд болон төсөл хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудад аудит, баталгаажуулах үйлчилгээ, дотоод хяналтын үнэлгээ, нийцлийн хяналт, хөндлөнгийн хяналт болон бусад тусгайлсан үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай.
Мөн бид сүүлийн жилүүдэд Монголын томоохон корпорейт байгууллагуудын БОНЗ (ESG) зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд аудит болон баталгаажуулах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Бид тухайн салбарын талаарх мэдлэг, туршлага болон олон улсын сайн туршлагад тулгуурлан төсөл, хөтөлбөрүүдэд тулгарч буй эрсдэл, сорилтуудыг даван туулах, санхүүжүүлэгчийн шаардлагыг хангах, тайлагнал болон хяналтын орчныг сайжруулах, төслийн зорилгодоо үр дүнтэй хүрэхэд нь практик, үнэ цэнтэй дэмжлэг үзүүлдэг.














